Хүн бүрийн амьдрал өөр өөр нөхцөлд өөр өөр замыг туулж өрнөсөөр байдаг. Тэд бүгд эрхэмлэдэг мөн чанар зарчимтай. Гэхдээ тэр хатуу зарчимаа зөвхөн таных гэдгийг битгий март. Бас хэзээ нэг цагт тэр зарчимаа мөрдөж чадахгүй үе танд ирж магадгүй гэдгийг санах хэрэгтэй.
Өөрийнхөө амьдарч үзээгүй амьдралыг шүүх эрх хэнд ч байхгүй.
Залуудаа зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч чадаж сурч боловсроод хайр дурлалтайгаа учирч гэр бүл болоод дараа нь хүүхэдтэй болсон нэгэн эзэгтэй залуу ээж нарыг шүүмжилж тэдний бэлэн болоогүй байхдаа хүүхэдтэй болсоныг тэгээд ээж хүнд, эхнэр хүнд байж болохгүй нялх зан гаргаж байна гэж шүүмжилсэн нийтлэл уншаад үнэндээ дургүй хүрч байлаа. Түүний зөв болохыг нотолсон сэтгэгдлүүд хөвөрсөн байсан. Гэтэл залуудаа гэр бүлээ зохиогоод алдаж онож явсаар түүний нялх хүүхэдтэй дөнгөж танилцаж эхлэх насанд нь амьдрал нь жигдрээд хүүхдүүдийнхээ өсөн том болж байгааг хараад бахархаж суугаа үеийнхээ эмэгтэйчүүдийн тухай эхлээд бодсон болов уу? Яг үнэндээ хүүхэд гаргахад яг тохирсон нас гэж байхгүй, ямар ч хүн бүрэн бэлэн болсоныхоо дараа ээж болдоггүй, хүүхэд төрсөн тэр мөчөөс л бүгд ижил шинэхэн ээж, шинэхэн суралцагч байдаг шүү дээ.
Өөрийнхөө амьдралын замыг зөв гээд, өөрийнхөө зарчимыг туйлын үнэн гэж үзээд өөрөөс нь арай өөр хэв маягтай амьдралыг яагаад шүүн авч хэлэлцдэг юм болдоо?
"Ёстой үнэн" гэдэг үгийг хүн зөвхөн өөртэй нь санал нийлсэн үед хэлдэг, тэр туйлын үнэн өөр хэн нэгний амьдралд байж боломгүй худал зүйл болж болдог. Өнөөдөр үнэн байсан зүйл маргааш худлаа болдог. Түүний гол шалтгаан нь таны хүлээн зөвшөөрч, санал нийлж буй үнэний туйлтай л холбоотой байдаг. Бусдыг дүгнэх, гайхах, шүүмжлэх, баярлаж бахдахынхаа өмнө зөвхөн өөрийнхөө тухай л бод. Тэдний хэзээ ч гаргаж чадахгүй тэр шийдвэрийг, эргээд хэзээ ч өөрчилж болохгүй тэр нөхцөл байдлыг авч хэлэлцэхээ зогсоогооч гэж гуймаар байна. Би өөрийнхөө амьдралаар хангалттай аз жаргалтай амьдарч, хүссэнээрээ алдаж онож, энэ амьдралдаа хангалттай сэтгэл хангалуун байдгийг хэзээ ч ойлгохгүй тэр хүмүүс минь :)
No comments:
Post a Comment