Намайг нэвт шувт мэддэг тэдний минь царай өдөр бүр үгүйлэгддэг болоод нэлээд хэд хоног өнгөрчээ.
Нэг л ганцаардмал уур амьсгал өдөржин намайг дагах болж. Хэдийгээр нэг л их олон хүний дунд яваад байгаа боловч тэдний дунд намайг ойлгох хүн нэг ч алга. Би тэдний үзэл бодол, зан ааш, дотоод ертөнцийг нь хүндэтгэх гэсээр бүр залхаж гүйцлээ. Эелдэг байх хэрэгтэй гэсээр уйлж ч чадахгүй, уурлаж ч чадахгүй хичнээн зүйлийг тэвчивээ. Намайг юу ч хэлээгүй байсан ч ойлгодог, миний төлөө санаа тавьдаг, намайг өөрөөс минь илүү мэддэг, мэдэрдэг тэр хүмүүсийг би санаж байна. Зарим зүйлсийг чин сэтгэлээсээ ярилцмаар л байна шд. Энэ хүмүүс чинь миний ярьсаныг ерөөсөө ойлгодоггүй ч юм уу, эсвэл бүгд тийм зөрүүд ч юм уу, бүр эсвэл би тэдний дунд цорын ганц тэнэг нь болохоор ч тэр юм уу, ямар нэгэн зүйлийг өөрийнхөөрөө ярьлаа гэж бодоход үгүй ээ чи буруу ярьж байна, тэгэж ярих нь зөв, бараг л чи ерөөсөө ингэж бод гэцгээнэ. Тэрийг нь сонсохгүй байхыг хүсвэл зүгээр л тэдэнд таарч тохирсон, сонсохыг хүссэн үгсийг хэлэх хэрэгтэй. Хэрэв тэгвэл би тэдэнд ямар сайн хүн болж харагдана гээч. Үнэхээр ухаантай санагдана. Би бүр сүүлдээ өөрийнхөө бодлыг тэдний бодлууд дунд алдчихаад олж чадахгүй төөрч будилж байх шиг байна. Хаалга бүрт таарах түлхүүр байдаггүйтэй адил хүн бүрт таалагдах үзэл бодол гэж байхгүй. Бусдын үзэл бодлыг би үргэлж хүндэтгэж, өөрийнх нь байр суурьнаас авч үзэхийг хүсдэг. Харин тэд тийм биш юм. Өөрийнхөөрөө байлгах гээд л зүтгэчихийн. Гэхдээ өөрт нь ашигтай бол намайг ямар ч тэнэг юм ярьж байсан чимээгүй инээгээ л өнгөрнө. Би тэдэнд хэрэггүй болохын цагт чихрийн цаас адил үл тоомсорлогдоно. Нүүр буруулан хараагүй дүр үзүүлэн зөрнө.
Эргэн тойронд минь дандаа л намайг огт мэдэхгүй царайнууд хүрээлэх болжээ. Мэдэхгүй болохоор ойлгохгүй. Тэгээд л би гэж хүн худлаа баг зүүсэн амьтан хорвоогийн тоосыг хөдөлгөж ядан явна даа.
Өөрийнхөөрөө ярихад хүлээгээд авчдаг, ойлгочдог, минийхийг үгүйсгээд байлгүй өөрийнхөө бодлыг ч илэрхийлчихээд байдаг, алдаа эндэгдлийг минь алдалгүй хэлдэг, ямар ч бялдууч зан байхгүй, надаас ерөөсөө ашиг хонжоо хайдаггүй, өгч чадах бүхнээ наддаа л харамгүй зориулдаг миний муусайн найзууд минь би та нарыгаа үнэхээр их санаж байна. Уйлахад нулимсыг минь арчих, уурлахад занг минь мэдэх найзууд минь яасан ч хол байдаг юм дээ.
No comments:
Post a Comment