Apr 17, 2010

Хэвээрээ...

Би өөрчлөлтөнд тун ч удаан дасдаг. Өнөөдөр төрсөн сэтгэгдэл, маргааш ч тэр л хэвээрээ байхад би дуртай. Өдөр бүр яг өнөөдөр шигээ л байхад би дуртай. Өнөөдөр уулзсан хүн бүртэй маргааш ч гэсэн уулзахыг хүсдэг. Өнөөдөр инээмсэглэн ярилцаж байсан хүнтэйгээ маргааш нь инээгээд л ярьж байхыг хүснэ. Өнөөдөр хэлсэн бүх үгс нь маргааш ч үнэн хэвээрээ л байгаа гэж санагддаг. Гэхдээ л хэзээ ч ийм байхгүймдаа. Хүмүүс нэг нэгнээ таниж мэдэх тусам бага багаар тэдний харилцаа өөрчлөгдөж нэг хэсэг нь мэндийн зөрүүнээс нөхөрлөл рүү шилжинэ, нэг хэсэг нь бас намайг мартаж л байна. Юм юмыг ярьдаг байсан жаал нэг л өдөр юу ярихаа мэдэхгүй түгдчин зогсоно. Нэг л өдөр тэр зүгээр л сайн уу гээд өнгөрнө. Би хичнээн өөрчлөгдөхгүй байхыг хүссэн ч эргэн тойрон дахь энэ их өөрчлөлтийн нөлөөнд автаж ярьж хэлэх, алхаж гишгэх, хийж бүтээх минь өөрчлөгдөнө.
Би гэхдээ өдөр бүр уулздаг хэвээрээ баймаар байна. Ярих зүйлс дуусаж дундардаггүй байгаасай. Хаашаа ч битгий яваасай. Үргэлж үнэнч байгаасай. Намайг хайхардаггүй хэсэг нь тэр л хэвээрээ байгаасай. Шинэ танилгүй өдөр хоногууд үргэлжлээд л байгаасай. Дургүй нь дургүй хэвээрээ, дуртай нь дуртай хэвээрээ...
Өчигдөр байсан зарим зүйлс өнөөдөр надад алга, харин тэр үед байгаагүй олон сайн, муу зүйлс байна. Яг л өөрчлөлтөн дунд яваад байх шиг. Ирээдүйд гарч болох өөрчлөлтийг төсөөлөхөд надад өөрийн эрхгүй гуниг төрдөг. Өнөөдөр надад байгаа хүн бүхэн үүрд миний дэргэд үлдээсэй гэж хүсэж байна. Би одоо тун ч жаргалтай байна. Энэ бүгдээс юуг ч, хэнийг ч алдмааргүй байна.
Тиймээс надад хэлсэн үгсээ битгий мартаарай. Ярилцах зүйлсээ битгий өөрчлөөрэй. Би үргэлж өнөөдөрийнхөөр чинь чамайг төсөөлөх болно. Чамайг санагдуулдаг үгс, хүмүүс, эд зүйлс миний хувьд хэзээ ч өөрчлөгдөхгүй. Миний төлөө гэсэн сэтгэл чинь их ч бай бага ч бай, битгий л өөрчлөгдөөсэй. Энэ л хэвээрээ...

1 comment: