Aug 24, 2014

Би анх ээж болоод...


Одоо хүүхдийнх нь зүрхний цохилтыг сонсъё... Ингэж хэлээд их л удсан санагдана, гэнэт түг түг түг. Нүдэнд нулимс цийлэгнэж сэтгэлд баясал төрсөн тэр мөчид би ээж болж эхэлж байгаагаа мэдэрсэн юм. Хурдан хурдан хэмнэлээр цохилох тэр чимээ ээжээ би энд байна гэж надад хэлэх шиг л болсон. Ээж болно гэдэг юманд санаа зовохын нэр юмуудаа, цохилохгүй бол гэсэн тэнэг бодол зурсхан ч г
эсэн бодогдоод, “ЭХО-д харуулсан дээр бололтой, би олж сонсохгүй байна” гэсэн хяналтын эмчийн үг чихэнд сонсогдох шиг болоод, хурдан хурдан цохилохоор нь ингэх ёстойг ч мэдэхгүй дагаж сандраад л. Тэгэхэд би өөрийгөө ээж болж байна, эх хүн гэдэг үр хүүхдийнхээ эсэн мэнд байгааг мэдээд ингэж л баярладаг юм байна гэж санасан. Миний ертөнцөд шинэ шинэ нээлтүүд энэ мөчөөс ар араасаа гарч ирж жинхэнэ хайр гэж юу болохыг, сэтгэл зовнин шанална гэж юу байдгыг, хамгийн үнэн баяр баясгалан сэтгэл зүрхийг яаж догдлуулдгыг би өөрөөсөө, хөөрхөн охиноосоо мэдрэх болсон. Эх хүн бяцхан үрээ ямар ч учир шалтгаангүйгээр хайрлаж, цаг ямагт түүний тухай бодож, зөн совингоороо түүнийг мэдэрч, асарч, хамгаална гэдэг миний бүсгүй хүн болж энэ хорвоод ирээд мэдэрч чадах хамгийн агуу мэдрэмж, миний оршин тогтнох үнэ цэнэ, утга учир юм билээ. Энэ бол миний хүүхэд гэдэг ухамсарт учир шалтгааны үүднээс биш надаас тасарсан амь, миний биеийн нэг хэсэг гэсэн аминчхан үзлийн үүднээс ч биш, ерөөсөө л ямар ч учир шалтгааны хэрэгцээгүйгээр би түүний төлөө чин зүрхнээсээ санаа зовниж, түүнийг над руу харах бүрт хайр ундарч, үйл хөдлөл бүр нь, дуугарах авиа, эгшиг бүр нь надад баясал төрүүлэх нь надад шинэхэн бөгөөд сонихон гайхамшиг.
Миний баяр баясгалан хорвоод мэндлээд 15 сарыг үдэж, анхны авиа, анхны инээд, анхны алхам, анхны үг гээд ээждээ өгч чадах хамгийн сайхан бэлгүүдээ өгсөөр өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл тэмүүлэлтэй болж эхлээд, би чинь бас бие хүн шүү гэдгээ алхам бүртээ надад илэрхийлээд, бас л нэгэн шинэхэн сонихон мэдрэмжийг ээждээ өгөөд байж байна. Ээж нь ч бас чамтай л хамт том болж байна, өнгөрсөн богино юм шиг мөртлөө, миний амьдралын хамгийн үнэ цэнэ бүхий нэг жил, өмнө нь амьдарсан 20 жил юу ч үзэж хараагүй, мэдрээгүй, туулаагүй байсныг гэрчлэх, миний жинхэнэ томоожиж ухаажсан ганцхан жил. Анх охиноо хорвоод мэндлэхэд за ингээд бүх юм дууслаа гэж дотроо бодоод санаа алдаж байснаа санаж байна, яг үнэндээ миний жинхэнэ амьдрал эхэлж, би анх ээж болоод энэ хорвоод дахин цоо шинээр мэндэлсэн юм билээ.

No comments: