Унтаж амрахаар ор луугаа алхлаа. Дүү маань энэ орыг нэг л эвгүй засчихжээ. "Баярлалаа гэж хэлэх арга алга. Энэ шөнө ч нэг их сайхан амрахгүй бололтой" хэмээн бодсоор хэвтлээ. Гэрэлд унтах шинж алга. Ээжийг унтраа гээд хэлчлээ... Яг унтах гэж байтал хонх дугаран аав ирлээ. Намайг сэрээж ямар нэг зүйл ярих гэж оролдов. Би сэрээгүй дүр үзүүлэн хэвтсээр нэг л мэдэхэд унтчихсан байлаа. Шөнө их хурдан өнгөрчихөв. Өглөө болж сэрүүлэг дуугарна. Надад өнөөдөр хийхээр төлөвлөсөн зүйл их байгаа эрч хүчтэй эртхэн босох хэрэгтэй... Өдөр боллоо. Би босоогүй л байна. Маргааш болно, би босохгүй... Миний хамгийн сүүлд хэлсэн үг "Би унтмаар байна"...
Дүү маань өглөө юу ч мэдэлгүй хичээлдээ явчихсан. Ээж босоогүй байгаа намайг хараад сэрээхээр дөхөж ирэв. Эхэндээ загналаа. "Ажил амралтаа зохицуулж чадахгүй, хэдий болтол надаар хэлүүлэх хүн бэ чи, хөөе..." Өрөөнд нам гүм ноёрхож цагийн зүүний цохилох чимээ л үлдлээ. Нулимс бөмбөрч эхлэв... Би өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч эхлэх шиг болов... Түүнд хэцүү л байх шиг байна. Аргагүй бүх эхчүүд ингэх л байсан...
Яарах зүйлгүй болчихсон амар ч юм уу, өнөөдөр төлөвлөсөн байсан их ажлыг амжуулах хэрэггүй боллоо. Хийхгүй байсан ч дараа нь хийх шаардлага угаасаа гарахгүй. Хэвтэж л байх дуртай надад босох шаардлагагүй нь таалагдаж байна. Хүсээд байсан тайван, амгалан, юунд ч санаа зовох хэрэггүй амьдрал минь ирчихлээ...
Гэнэт би босоод тэнээд байж чадна гэдгээ ойлголоо.
Хэвтэж байгаа орныхоо хажууд суугаад өөрийгөө нэг сайн ажиглалаа. Хөндлөнгөөс харахад нээрээ л жижигхэн юмаа. Бас тийм ч муухай биш юм. Царайнд нь ядарсан байдал илэрхий байна. Зүгээр хэвтэж байгаа мөртлөө хаа нэг тийшээ яараад байх шиг сэтгэгдэл төрүүлэхийн... тэр ч яахав.
Өрөөнд ганцааранг минь үлдээгээд бусад нь хаана юу хийгээд байна... Өөр өрөөнд маш их гуниг намайг угтлаа. Би аавынхаа ийм дуугүй байхыг бас тэвчилгүй уйлж суухыг анх удаа л харж байна. Миний тухай бусдад ярих их дуртайсан. Гэхдээ энэ удаад ээжийн дүү нар бусдад мэдээллэж байна. Ээжийн минь нулимс бусад үед ч ийм арвин л байдаг даа. Тэгэж байгаад л өөр зүйлийн тухай бодож, өөр зүйлд санаа тавьж эхэлдэг... Дүү хичээлдээ суулгүй хүрээд иржээ. Яахаа мэдэхгүй байгаа бололтой байна. Би амьддаа их зардалтай хүүхэд байсан, үхсэн ч энэ зангаа тавихгүй бололтой. Нэлээн их мөнгө оршуулганд хэрэглэгдэх нь. Аав бичиг баримт янзлахаар гарав, ээж гэртээ л... Дүү хичээлдээ хэд хоног явахгүй бололтой. Найзуудад дүү хэлсэн гэсэн. Тэд маань яаж байгааг мэдмээр санагдлаа. Сургууль оръё хэмээн бодож байтал хонх дуугарч сандарч тэвдсэн, юу болсонд итгэж ч чадахгүй байгаа гурван хүн орж ирлээ. Нэг нь уйлаад л байна. Найзуудыгаа их өрөвдлөө, надгүй яана даа гэж бодогдоно. Гашуудал нь хэзээ ч тайлагдахгүй мэт санагдана.
Сургууль дээр очлоо. Мэдээгүй хүн олон байна. Аргагүй хэлэх хүн байхгүй... Чихэнд гэнэт миний нэр сонсогдов. Сонирхолтой юм. Миний талаар юу ярьдгийг мэдэж болохоор байна. Ямарч засваргүй. Үнэхээр алтан боломж биш гэж үү. "Өнөөдөр яагаад хичээлдээ суугаагүй юм бол. Энэ нэг ойлгоогүй юмаа асуучий гэж бодсиймсан. Заза өөр хүнээс асуучиж болно доо...". Би байсан байгаагүй эд нарт лав ялгаагүй юм байна. Өөрийгөө эд нарт л хамгийн их хэрэгтэй юм шиг боддог байсансан. Сургууль дээр удаан байх хүсэл алга.
Сургуулийн компьютерийн өрөө орж хэн ч харахааргүй компьютер дээр мессэнжэр лүүгээ орлоо. Invisible to everyone автоматаар сонгогдож байна. Би хэн рүү ч бичиж болохгүй ч тэдний хоорондоо юу бичиж байгааг харж болоод байна. Энд харин миний байхгүй болсоныг мэдсэн олон хүн байна. Бүгд л сайн хүн байсныг гайхаад байна. Үнэн худлыг бүү мэд. 2 хүнийг их өрөвдлөө. Бусдад гомдсон ч намайг байгааг санаад инээмсгэлдэг байсан байхдаа. Зарим хүмүүст ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Аргагүй дээ гэж ингэхийг нь мэдсэн юм шиг бодол толгойд орж ирсэн, бас ерөөсөө гомдоогүй нь сонин.
Хэдэн өдөр зугаатай өнгөрлөө. Сүүлийн нэг сар жинхэнэ эрх чөлөөтэй, амар амгалан байсан. Нэг хором ч унтаагүй. Угаасаа тийм хүсэл төрөөгүй. Бас ядраагүй. Сайхан тэнүүчиллээ. Хүссэн хүнтэйгээ хүссэнээрээ удаан хамт байж болж байна. Хөл цуцалгүй алхаж чадах ч сонирхолтой санагдаад автобусанд сууж хүмүүсийн олон янзын төрх, зан чанар, яриа хөөрөөг хүссэнээрээ сонирхож байлаа. Нэг хүнийг дагаад буучихлаа. Бүр дагамаар санагдаад байсын. Түүний аав ээж нь мөнгөтэй, сайхан байр машинтай юм. Ер нь юугаар ч дутадгүй юм шиг санагдаж байна. Найз охин нь яасан хөөрхөн юм бэ? Гэхдээ яагаад халаасны хулгай хийдийн бол? Юу дутсан гэж?...
Өөрийнхөө оршуулганд ч оролчихлоо. Харах нь бүү хэл сонсож ч байгаагүй хүмүүс ирцгээсэн. Сонин юм. Үхсэн хүн нь хэн байх нь чухал биш бололтой. Найзууд маань ажилд нь их тусаллаа...
"Би унтмаар байна" гэж хэлсэнээс хойш 47 хоног өргөрчээ. Тэрнээс хойш юу ч яриагүй, юу ч идээгүй, бас ерөөсөө ядраагүй. Надад дэлхий дээр байх 2 хоног л үлдсэн.
Надаар дутагдсан 2 хүн мессэнжэрт байна. Хоорондоо миний тухай ярьж, бас жаахан жаахан гуниглаж байна. Ярианы сэдэв өөрсөд рүү нь хазайсан. Одоо тэд сайн найзуул боллоо. Хааяа намайг дурсах л байх.
3 найз маань гурвуулханаа сууж байгаад л миний тухай ярьж байна. Мөн ч олон зүйл тэдэнд намайг сануулж байна даа. Царайнд нь үзэгдэх гуниг өдөр өдрөөр багасаж байгаа. Гэхдээ бие биенээсээ хэзээ ч салахааргүй боллоо. Нэг нэгнийхээ үнэ цэнийг үүнээс илүү яаж мэдрэх билээ.
Надад насаараа өртэй үлдсэн нэг хүн байна. "Маргааш өгнөө" гэж хэлээд таван зуун төгрөг зээлсэнсэн. Хөөрхий мөнгө нь байгаад авах хүн нь алга.
Нэр маань бүртгэлүүдээс арчигдсан. Багшийн журнал, иргэний бүртгэл, ер нь хаана ч бичигдээгүй би жинхэнэ эрх чөлөөтэй.
Дүү маань эгчийгээ санаад л байх шиг байна. Дуугүй дээрээ бүр дуугүй болчиж. Их бодлогоширдог болжээ. Айлын том нь боллоо, бодох юм их л биз...
Аав маань амьдралын шаардлагаар ажилласаар. Би ч бас олон зүйлийн үнэ цэнийг мэдрэлгүй ингэж л явдаг байсан даа. Амрах хэрэгтэй, гэр бүлдээ цаг зарцуулах хэрэгтэй дээ.
Өдөр бүр цонх ширтэн миний ирдэг байсан замыг харуулдан зогсох ээж минь. Зул өргөж бурханыхаа өмнө суухдаа мэлмэрүүлсээр л. Үс нь бууралтаж үг нь цөөрсөн ээжийгээ би хараад л хараад л байлаа. Бусад нь намайг бага багаар мартаж миний ижий л үүрд энэ л хэвээрээ үгүйлнэ...
49 дэх өдөр би ээждээ л хорогдож байна. 1 дэх өдөр нь бол угаасаа ингэх ёстой юм шиг санагдаж байсан бол харин одоо тун их эмзэглэж байна. Баярлалаа гэж хэлэх гэсэн ч чадсангүй. Хайртайгаа илэрхийлэх гэсэн ч болсонгүй. Би ээждээ л хорогдсоор энэ ертөнцөөс явлаа...
Гэнэт утсанд мессэж ирээд сэрчихэв. Хамаг биений хүйтэн хөлс асгарчихаж. Мессэж: "Margaash naiziihaa nuguu bodloguudiig haraad uguurei, chi minii tsoriin gants naidvar gedgee medej baigaa biz dee. za saihan amraarai". Хнн... Өөр хүн олчихын байж гэж бодогдов. Унтахаасаа өмнө цаг харах нь зуршил болчихсон зүйл. Би яг 49 минут л унтсан юм шиг байна. Ямар урт хугацаа вэ? Одоо харин юу хийхэв. Аавдаа очиж юу хэлэх гэж байсныг нь асуудын билүү. Ямарч л байсан би унтмааргүй байна...
Ахмед Махфуз Омар-н "Оршуулга" өгүүллэгээс сэдэвлэв.
4 comments:
гоё бичжээ.саяхан нэг монгол киноны сайт дээр яг ийм өгүүлэмжтэй солонгос кино байсан.энэ зохиолоос санаа авсан юм болов уу.манай Чойжид дагины тууж гэдэг бэсрэгхэн бурханы уран зохиол байгаа.Тэр бас энэ тухай.
Хмм. Энэ тийм ч ховор санаа биш байх л даа. Оршуулга-г уншиж үзээд нээрээ үхсэн хойно юу болохыг харах юмсан гэсэн бодол төрсөн. Тэгээд л бодоод бичээд байсан. Эцэст нь энэ угаасаа мартана, энэ мартана гээл бодож эхэлдийн билээ. Эргээд амьдрал руугаа буцах үед энэ намайг мартана гэсэн бодол салахгүй зууралдаад. Олон хүнийг үл тоомсорлож гомдоосон байх даа...
tnx 4 comment.
hoooh chi blogtoi bsiimu nice blog bn amjilt :D
yorin yum bichij bhin.( mod togshiv)
Post a Comment