Ганцхан семистер сурсан болохоор буруу зөрүү юм их бичсэн байх шүү...
Төгсөх анги байхдаа оюутан болчихвол их л том болчих юм шиг санагддаг байлаа. Оюутан гэхээр их биеэ даасан, баахан зузаан зузаан ном тэвэрсэн, нүдний шил зүүдэг, дандаа л инээмсэглэж байдаг, завгүй хүн төсөөлөгддөг байв. Бас лекц бичнэ гэхээр нэг л санаанд багтаж өгдөггүй байсан. Багш зүгээр ярина би үг бүрийг тэмдэглэж авах ёстой гэж боддог байж дээ. "Багш нар чинь хичээлээ л заана, над шиг ингэж үглэхгүй" гэж ангийн багш дандаа хэлдэг байсан. Яаж ийгээд шалгалтаа сайн өгөөд оюутан болчихвол болох юм шиг бодогддог байсан. Гэтэл суурь мэдлэг их хэрэгтэй юм байна лээ. Хэн яг ойлгодог байсан, хэн нь зүгээр л дүн авдаг байсны ялгаа гарч ирдэг юм шиг санагдсан.
Цаг хугацааны үнэ цэнийг мэддэг байх нь чухал. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж хойшлуулалгүй хийгээд байвал ер нь гайгүй. Тэгээд багш нар бол хийсэнгүй гэж арван жилд байсан шиг уурлаж, нэхэж бөөн юм болохгүй. Тэрнээс нь болоод хүүхдүүд тайван яваад л байдаг шинжтэй. Наанаа юм хэлэхгүй мөртлөө цаанаа бол дүнг чинь тавиад л явчихна. Ер нь зүгээр оноо өгнө гэж байхгүй. Хийх ёстой юмаа цагт нь чанартайхан шиг хийгээд байвал ямар ч багш ер нь гайгүй л дээ. Хичээл болгон шинэ зүйл заах болохоор таслахгүй байх хэрэгтэй. Суулгүй үлдээсэн хичээл сүүлд нь яг хэрэг болоод дэвтэрээ өгчих ч хүн байхгүй, багш шиг тайлбарлах хүн ч байхгүй болохоор дэмий л юм болно. Мэдээж бүгдийг нь унагаах бодолтой багш гэж байхгүй, бас зүгээр байхад чинь хангалттай сайн оноо өгөх багш байхгүй л дээ.
Миний бодлоор оюутан хүн тэр мэргэжлийг сонгоод эзэмшинэ гээд явж байгаагийнхаа хувьд сурагч үеийнхээ дүнгийн араас хөөцөлдсөн зуршлаасаа салах хэрэгтэй. Мэдлэг олж авахын тулд хөдөлмөрлөдөг байх нь чухал. Таслалт бол ёстой утгагүй. Тэр хичээлийн цагуудыг худалдаж авсан гэж санагддаг. Багш тэр цаг дээр надад хичээл заасан гэж цалин авч байгаа. Ямар нэг зүйлийг худалдаж авчихаад огт ашиглахгүй байх утгагүй. Заримдаа хүүхдүүд би наадхыг чинь мэднэ гээд хичээлдээ суухгүй ч юм уу хийхгүй байгаа зүйл ажиглагдсан. Миний бодлоор харин ч мэддэг юмыг чинь багш заагаад байгаа бол чиний мөнгө хий дэмий үрэгдэх гээд байна, чи илүүг мэдэж авахыг хичээж багшаасаа асууж, илүү ихийг шаарддаг байх хэрэгтэй байхаа.
Хором бүрийг алдаж болохгүй, их зүйлийг амжуулах ёстой жилүүд юм шиг санагдсан. Хамгийн чухал нь цаг хугацааг алдалгүй, маргааш гэж хойшлуулалгүй, өөрөөсөө бусдад нэг их найдалгүй, за яахав болчихно доо гэж бодолгүй өдөр хоногийг үр бүтээлтэй өнгөрөөвөл сэтгэл хангалуун сурч болох юм шиг санагдсаан. Оюутан байх 4 жилийг аргалж дуусгана гэвэл дараа нь амьдрал дээр гараад 40 жилийг яаж аргалах билээ. Мэдэх хэрэгтэй бүгдээ толгой сэргэг байгаа дээр судлаад авбал эргээд санахад ч амар шдээ.
Оюутны тухай бодлоо сайн цэгцэлж чадаагүй л байна. Нэлээн замбараагүй болчих шиг боллоо. Дахин хэлье. Буруу зөрүү юм их байсан байх шүү.
1 comment:
Буруу зөрүү юм алга аа :)
Post a Comment